ХБНГУ-ын их, дээд сургуулиудад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхийг манай сургуулийн 5 сурагч авлаа

“Германы эрдмийн солилцооны алба /ДААД/”-наас энэ жил зохион явуулсан ХБНГУ-ын их, дээд сургуулиудад тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн төлөөх уралдаант шалгаруулалтад Гёте сургуулийн таван сурагч тэнцсэнийг баяртайгаар мэдээлж байна. 
Энэхүү уралдаант шалгаруулалт нь дэлхийн 147 оронд байдаг герман хэлний Диплом №1 болон 2-ын шалгалт авах эрхтэй 2000 сургуулийн төгсөгчдийн дунд нэгэн өдөр, нэг цагт интернетээр явагддаг юм. Ердөө 80-100 тэтгэлэгийн төлөө улс тус бүрээс 10 төгсөгч буюу нийтдээ 1500 шахам дэлхийн шилдэг төгсөгчид оролцдог бөгөөд Монголын сургуулиудаас мөн 10 төгсөгч оролцож ийнхүү “Гёте” сургуулийн таван сурагч шалгарчээ. Эдгээр сурагчид нь: 
-Ганхуягийн Номин,
-Батсайханы Нинжээ,
-Мөнхбаатарын Мөнхзаяа,
-Оюунсанаагийн Сэндэр,
-Түмэн-Өлзийн Анар нар болно.

Монгол Улсын хувьд ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай бөгөөд Герман хэлний Диплом №1 болон 2-ын шалгалт авах эрхтэй хоёр сургууль байдгийн нэг нь "Гёте", нөгөө нь 38-р сургууль юм.

Ер нь улс орнууд тэр болгон энэ тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байхад сүүлийн 3 жил дараалан “Гёте” сургуулийн 4-5 төгсөгч энэ тэтгэлэгийг авч 2010 оноос хойш Гёте сургуулийн нийт 20 төгсөгч энэ тэтгэлэгт хамрагдаад байна. Тэтгэлэгийн хэмжээний хувьд оюутан тус бүрт сар бүр 800 евро /монгол мөнгөөр бол 2,4 сая төгрөг/-г дөрвөн жилийн туршид олгож /их, дээд сургуульд төлбөргүй суралцахын зэрэгцээ/, дээр нь жил бүр ирэх, буцах онгоцны зардал олгодог юм. Мөн их, дээд сургуулиа амжилттай төгсгөж магистрт суралцах болбол энэхүү тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгодог ихээхэн давуу талтай билээ.

Уламжлал ёсоор тус улсад ХБНГУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхтэлчин сайд ноён Штефан Дуппел тэтгэлэг авсан сурагчдыг хүлээн авч, баяр хүргэдэг юм.